Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар шатанд өрсөлдөх эрхээ аваад буй Ц.Ганболд дасгалжуулагчтай Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг өнөөдөр эх орноосоо мордлоо.
Манай эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг өнгөрсөн 9-р сард Улаанбаатар хотод болсон Зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатанд Умард Марианы Арлуудыг 3:2, Гуамыг 1:0-ээр хожиж, Макаотай 0:0-ээр тэнцэн эхний шатандаа хэсгийн аварга болсон. Тэрхүү тэмцээн нь эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн оролцсон анхны олон улсын тэмцээн байсан юм.
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний нэгдүгээр шатыг давсны дараа 11-р сарын 04-08-ны хооронд Тажикстан улсад зохиогдсон “Токио 2020” зуны олимпын наадмын урьдчилсан шатны эрхийн төлөөх тоглолтуудад оролцож, том туршлага хуримтлуулсан. Хоёрдугаар шатанд манай баг БНХАУ, Тайвань болон Хонг конгийн шигшээ багуудтай тоглохоор нэг хэсэгт багтжээ. Монголын багийн тоглолтын хуваарь:
БНХАУ – МОНГОЛ 2018.12.01 13:45
ТАЙВАНЬ – МОНГОЛ 2018.12.03
МОНГОЛ – ХОНГ КОНГ 2018.12.05
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО