Хүйтний улирал эхэлж ойрын өдрүүдэд огцом хүйтрэхтэй холбогдуулан гудамжинд ажиллаж амьдарч байгаа хүүхдүүдийг осгохоос сэргийлэх, тэдэнд тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор Нийслэлийн цагдаагийн газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар болон бусад байгууллагууд хамтран “Илрүүлэлт-2018” арга хэмжээг зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд томоохон зах, худалдааны төв, олон нийтийн газар, хогийн цэгүүд, цахим тоглоомын газар зэрэг газруудаас эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналтгүй байж болзошгүй 18, хараа хяналт сул 291, хөдөлмөр эрхлэгч 16, гар дээрээс худалдаа наймаа эрхэлдэг 1, гуйлга гуйдаг 7, хог түүдэг 5, орон гэргүй, тэнэмэл 7, нийт 345 хүүхдийг олж тогтоон, бүртгэжээ.
Үүнээс хүүхдийн асрамж, халамжийн байгууллагад хамруулах шаардлагатай 55 хүүхдийг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолборт хүлээлгэн өгч хамтран ажиллаж байна.
Эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, тэдний эрхийг хангахыг уриалж байна.
Эх сурвалж: Нийслэлийн Цагдаагийн газар