Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Шударга бусын хонгил” яаж ажилладгийг маш логиктой тайлбарлав.
Үгүйсгэхийн аргагүй факттай түүний ярилцлагад Ц.Элбэгдорж, М.Энхболд нарын шударга бусын хонгил Монголын байгалийн баялагийг нийлж эзэмшихийн тулд үүссэн бөгөөд 8 жил энэхүү хонгилын эзэн байсан Ц.Элбэгдорж хэрхэн залгамж халаагаараа М.Энхболдыг Ерөнхийлөгч болгон залгамжлуулж, хулгай луйвраа хууль шүүхийн байгууллагын тусламжтайгаар үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байсан тухай ярив.
Шударга бусын хонгилд АТГ, Прокурорын байгууллага, Дээд шүүх бүгд хамаарагддаг бөгөөд өөрсдийнх нь эсрэг дуугарсан болгоныг хэрхэн хэрэг зохион хэлмэгдүүлж, хичнээн олон аав ээж, үр хүүхдүүдийг нус нулимстай нь хольж, хэлмэгдүүлж хохироосон тухай ч дэлгэв.
Н.Алтанхуяг хэлэхдээ, “2009 онд МАН олонхи байх үед Ц.Элбэгдорж өөрийн томилгоог хийхийн тулд М.Энхболдтой тохиролцож АТГ, Прокурорын байгууллага, Дээд шүүхийн удирдлагуудыг УИХ-аар батлуулж байсан. Дараа нь Д.Дорлигжавыг Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байхад нь МАН олонхиороо байсан их хуралд оруулж Ерөнхий прокурор болгож байсан. Ц.Элбэгдорж тухайн үедээ М.Энхболдыг хонгилыхоо өрөөсөн багана болгохгүйгээр яаж МАН-аар дэмжүүлж өөрийн хүмүүсээ томилох байсан бэ? Шүүх цагдаагийн байгууллагуудын удирдлагуудыг нэг бол Ц.Элбэгдоржийн, эсвэл М.Энхболдын итгэлт албадууд хашдаг. Жишээлбэл Дээд шүүхийн даргаар н.Зоригт, Ерөнхий прокуророор Д.Дорлигжав, АТГ-ын даргаар Н.Ганболдыг, орлогчоор нь Б.Хурцыг тавьсан. Энэ нь өөрсдийнх нь бусармаг үйлдлийг илчилж, шударга дуугарсан хүнийг прокурорын зөвшөөрлөөр АТГ дээр хэрэг үүсгэж шүүхээр оруулан шоронд хийдэг Шударга бусын хонгилын арга барил. Зөвхөн улс төрчдийг ч биш мөнгөтэй бизнес эрхлэгчдийг ч шоронд хийж бизнесийг нь нурааж сэгсэрч байхад нь ийм шударга бус байж болдог юм уу гэж тэр үед хэлж ч байсан. Энэ бүгдийн эсрэг явсныхаа төлөө огцорсон” гэв.