Дэвжээнийхээ туслахыг зодсон гэх хэргээр зодог тайлахаа мэдэгдсэн Таканоива А.Баасандоржид мэргэжлийн бөхөөр барилдах санал иржээ. Японы парламентын гишүүн асан Оонита Ацүшима манай бөхөд энэхүү саналыг тавьжээ. Тэрээр, “Таканоива Монгол уруу буцахгүй бол өөр салбарт хүч сорих хэрэгтэй. Гэхдээ түүнд төлөвлөсөн зүйл байгаа байх. Би түүнд мэргэжлийн бөхийн дэвжээнд хүч сорихыг зөвлөе. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг нэлээд шүүмжилж, муулж байна. Тэгвэл эсрэг талын баатрын дүрээр тулалдвал хүмүүс бүүр их сонирхоно. Ер нь тэгж яагаад болохгүй гэж?” хэмээн өгүүлжээ. Таканоиваг холимог тулааны “Rizin”холбоо сонирхож байгааг хэвлэл мэдээллийн цөөнгүй хэрэгслээр мэдээллэсэн байна.