Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үедээ өөрийнх нь амь насанд халдсан хэргийн ард АНУ, тодруулбал Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жонн Болтон байсан гэж хэлжээ. Гэхдээ энэхүү үгээ баталсан баримт дэлгээгүй байна. Түүний үзэж байгаагаар АНУ өөрийнх нь амийг хөнөөж, улс оронд нь төрийн эргэлт гаргах сонирхолтой байдаг.
Өнгөрөгч наймдугаар сард нийслэл Каракас хотноо болсон зэвсэгт хүчний баярын жагсаалын үеэр түүнийг индэр дээр үг хэлж байхад хажуухан талд нь тэсрэх төхөөрөмж бүхий дрон дэлбэрч түүний амийг хөнөөхийг завдсан юм. Энэхүү хэрэг явдлын дараа “АНУ гадаадын цэргүүд хөлсөлж миний амь насанд халдан, төрийн эргэлт зохион байгуулахыг санаархлаа. Гэхдээ сайн нөхрийн ачаар Венесуэлийн ард иргэд хариу үзүүлэхэд бэлэн байгаа. Бид хэзээ ч өвдөг сөхрөхгүй” хэмээн Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадуро хэлжээ.
Өнгөрөгч даваа гаригт Оросын хоёр бөмбөгдөгч онгоц ирсэнд АНУ ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна. Уг “TU-16” загварын онгоц цөмийн зэвсэг зөөвөрлөх боломжтой бөгөөд Венесуэлийн “Симон Боливарын онгоцны буудал”-д газардсан юм. Оросын онгоц ирсэнийг Венесуэлийн Батлан хамгаалахын сайд Владимр Падроно ”холбоотонтойгоо цэргийн хамтарсан сургуулилт хийхээр ирсэн” гэж тайлбарлажээ. ОХУ-ын мэдэгдсэнээр тус хоёр бөмбөгдөгч онгоц маргааш Венесуэлээс буцна.
Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадуро өнгөрөгч сард ОХУ-д айлчилж В.Путинтай дээд хэмжээний уулзалт хийсэн бөгөөд тэднийг Орос, Хятад зэрэг орнуудтай илүү ойртон дотносож байгаад АНУ ихээхэн санаа зовж байгаа аж.