Парламентыг чадамжгүй болгосон УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр ажлаа өгөхийг шаардсан нэр бүхий 40 гишүүний тэмцэл үргэлжилсээр байна. Тэд маргааш төв талбайд 2 дахь удаагийн “МАНАН ДЭГЛЭМИЙН ЭСРЭГ БҮХ НИЙТИЙН ЖАГСААЛ”-аа улс орон даяар хийж тэмцлийн хэлбэрээ өлсөж үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдээд буй.
Үндсэндээ бол өнөөдөр монголын улс төрийн тогтолцоо МАНАН-гийн суурь болж ард түмэн өмчөө эзэмших эрхгүй нийгэмд амьдарч байна. Хөгжил тээр хойно хоцорч, утаа, өмхий хоёрт дарлуулсаар, нялхасаа бүгдийг нь өвчинд нэрвэгдүүлэн туйлдаа хүрлээ. Хэдхэн хүний хязгааргүй баяжих хүслийн их донг үл тэвчиж эхэллээ.
УИХ-ын дарга хэмээх албан тушаалд түүнийг насан туршид нь хадчихаагүй гэдгийг намын нөхөд нь ч удаа дараа сануулж хариуцлага тооцсон. Тодруулбал МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санал оруулснаар намынхан Удирдах зөвлөл хоёр ч удаа ёс зүйн хариуцлага тооцож, Бага хурлын 300 гаруй гишүүнийх нь 95 хувийн дэмжлэгээр ёс зүйн хариуцлага ч тооцсон. Энэ нь улс төрийн ууган хүчний 100 шахам жилд мөрдөж ирсэн улс төрийн хариуцлагын хангалттай хэлбэр. Гэтэл намаасаа виз даруулж улс төрд бүхий л өндөр албан тушаалд томилогдож ирсэн М.Энхболд тас гүрийн суудалдаа шигдсээр… Төрийн хоолойн дээр тээглэсэн бүлх болж хувирчихаад байна.
Иймд парламентыг гацаанд оруулсан, ард түмэндээ хүндлэгдэхгүй, хүлээн зөвшөөрөгдөхөө больсон УИХ-ын дарга М.Энхболд ёс зүйгээ ухамсарлаж өөрийн хүсэлтээр ажлаа өгөх нь түүнд оноо авчрах юм.
Ард түмэн бид кармандаа байгаа хэдхэн төгрөгөө тоолж суухад МАНАН бүлэглэл оффшор дансандаа хэдэн зуун мянган доллараар нь мартаж, хэдэн тэрбумаар нь бэлэглэж байна. Хуулинд Монгол орны нутаг дэвсгэр дээрх баялаг бол ард түмний нийтийн өмч гэх атал цөөн тооны гэр бүлийн мэдэлд байх, ашиг сонирхлынхоо боол нь болчихсон улс төрчдөөс бид салах цаг одоо болсоон хангалттай…
Бид тэдэнд итгэж төрд илгээсэн. Тэвчсэн … Гэтэл ард иргэдийг цөхөртөл нь, эх орноосоо дайжтал нь, эх орондоо хоргодон хурган зугтаах хүртэл нь амьдруулах боллоо.
Өнөөдөр Монгол улсад ёс зүйт төр хэрэгтэй байна. Үндсэн хуульд засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна гэж заасан. Тиймээс ард түмэн “МАНАН дэглэмийг устгах” бүх нийтийн жагсаалд нэгдэж өмчийнхөө эзэн нь байх тэмцэлд нэгдэх цаг нэгэнт болжээ …