Перу улсад үргэлжилж буй “Дакар Ралли-2019” уралдааны дүн гарахад дөрөвхөн гараа үлдээд байна. Энэ удаад мотоциклийн ангилалд эх орноо төлөөлөн оролцож буй ОУХМ Н.Лхамаа өчигдөр болсон зургаа дахь гарааны дараа тэмцээнээ орхих болсон талаар өөрийн нүүр хуудасаар дамжуулан мэдээллээ. Энэ тухайд тэрээр, “Элсэн дотор мотоциклоо гаргах гээд ноцолдож байх үед 516 дугаартай ачааны машин анхааруулга болгож газар тавьсан байсан миний каскийг дайрч уралдааныг цааш үргэлжлүүлэх боломжгүй болголоо. Намайг Дакар Раллигийн гараа болгоны уралдаанд сэтгэлээрээ дэмжиж урам хайрласан нүүр номын найзууддаа баярлалаа” гэж бичжээ.
Ийнхүү Монгол улсын мотоциклчин тэмцээнээ өндөрлүүлсэн бол автомашины ангилалд оролцож буй Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нар тэмцээнээ амжилттай үргэлжлүүлж байна.
Монгол улс энэхүү тэмцээнд 2013 оноос Мотоциклийн төрлөөр оролцож эхэлсэн бол 2015 оноос автомашины төрөлд мөн оролцож эхэлжээ.