Зам, тээврийн хөгжлийн яаманд хүн амины хэрэг гараад таван сарын хугацаа өнгөрчээ. Тус яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн агсаны аминд халдсан энэхүү хэргийг шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорт өнгөрөгч оны арваннэгдүгээр сард шилжүүлсэн. Тус хэрэгт Б.Махбалаас гадна нэг хүнийг яллагдагчаар татан шалгасан бөгөөд одоогоор батлан даалтад гаргаж, Б.Махбалыг цагдан хорьсон хэвээр байна.
Саяхан уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүхийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг 2019 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр хийгдэхээр товлогдлоо. Урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх хурлын товыг гаргах эсвэл хэргийг мөрдөн байцаалтад буцаах эсэхийг шийдвэрлэнэ.
Мөн яллагдагчаар татагдсан Б.Махбалыг одоогоор ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид хорьж байгаа бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн 10.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Эрүүгийн хуулийн 10.1 заалтад “хүнийг алсан бол найман жилээс 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.