Амьдралд юу ч бүтээж амжаагүй жаалууд ядуухан төрхтэй уугуул америк өвгөнийг басамжлан ширтэж, өвгө дээдсийнхээ дууг дуулахад нь шоолон тохуурхаж буй бичлэг харснаас хойш сэтгэл тайтгардаггүй ээ.
Гол нь тэр жаалуудын харцыг! Мөнгийг л амжилт гэж хардаг тэр нийгэм хэн ч биш энэ жаалуудад яаж ийм зэвүүн харц суулгаж, хүнийг ингэтлээ дорд үзэхийг яаж ийм сайн зааж чадав аа! Бусдыгаа инээлгэхийн л төлөө хэнийг ч нулимахад бэлэн, бусдад сүрхий харагдахын л төлөө хэнийг ч дэвслэхэд бэлэн, дотоод ертөнц нь даанч ядуу, ийм балар харанхуй хүмүүсийг энэ цаг үе бэлдэж байна.
Энэ бол бидэнд ч хамаатай. Хаа сайгүй, Америк, Монгол ялгаагүй. Бид ч өнөөдөр үнэт үс, үнэт чулуу, үнэт торго, алт мөнгө шүтсэн утгаар л үндэсний баяртаа голчлон хандаж, хойч үедээ мөн л харагдах үзэмж, эд өлөгт ач холбогдол өгдөг хортой үлгэр дууриал үзүүлцгээсээр яваа. Үр хүүхдүүдийнхээ дотоод ертөнцийг урлагаар, уран зохиолоор, хүнлэг сэтгэлээр л баяжуулахгүй бол хэтэрхий ядуу энэ сэтгэлгээ маань үе дамжин архагшсаар хэзээ ч эдгэхгүй вий.
Дотоод ертөнц нь баян иргэд л улс орноо өөд татдаг. Түүх зохиол ойлгодог, урлагийг үнэлдэг, хүнлэг ариун сэтгэлтэй хүмүүс л эх оронч байдаг. Бусдыг залилж, бусдыг дээрэмдэж, бусдаас хулгайлаад ч хамаагүй сайхан амьдрахыг хүсдэг хүмүүс яаж ч эх оронч байх билээ, яаж ч тэд хүүхдээ эх оронч болгож хүмүүжүүлэх билээ дээ? Тэдний дэргэд өсч буй хүүхэд эгэл даруухан мөрөөрөө амьдрахаас айдаг, бусдад тус дэм болохоос айдаг, бусдыг зөв зүйлд уриалан дуудахаас айдаг, бусдыг хайрлахаас айдаг хүмүүс л болцгооно…
Гүн Г.Аюурзан