Энэ сарын 13-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт, аймгийн төвөөс 8 км-ийн зайнд Улаанбаатараас Батноров сум руу шатахуун тээвэрлэж явсан “Ихэр наран” компанийн SsangYong маркын 23,5 тонны багтаамж бүхий автомашин замын хажуу руу унаж түлш асгарсан билээ. Үүний дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газраас газар дээр нь ажиллаж. А-80 72 литр, АИ-92 4000 литр буюу нийт 4072 литр шатахуун асгарсныг хэмжилт хийж тогтоон аймгийн Онцгой байдлын албан хаагчидтай хамтран гал түймрээс урьдчилан сэргийлэх, аюулгүй болгох ажлыг зохион байгуулсан байна.
Шатахуун асгарсан газрын өнгөн хөрсийг хуулж аймгийн төвлөрсөн хогийн цэгт асгуулж, хуссан хэсэгт хар шороо дэвсэн цэвэрлэгээ хийлгэжээ.
Газрын хөрсөнд түлш шатахуун нэвчих, уурших зэргээр орчны аюулгүй байдлыг алдагдуулах магадлал байгаа тул “Ихэр наран” ХХК-ийг өөрийн зардлаар түлш шатахуун асгарсан газрын хөрсийг цэвэрлэх, орчны бохирдлыг бууруулж аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгов.
Эх сурвалж: МХЕГ