Өнөөдөр 14.30 цагийн үед МИАТ компанид Сөүл-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэх агаарын хөлөгт тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй гэх мэдээлэл иржээ.
Энэхүү мэдээллийн дагуу Инчеоны Олон улсын нисэх буудлын Онцгой байдлын удирдлагын төвөөс EI-FGN бүртгэлийн дугаартай В767-300 агаарын хөлөгт аюулгүй байдлын үзлэг хийсэн байна. Үүний хүрээнд Улаанбаатарын чиглэлд зорчих зорчигчдыг онгоцноос буулгаж тэдний ачаа тээшинд дахин шалгалт хийжээ.
Энэ талаар МИАТ компанийн зүгээс зорчигчдоос хүлцэл өчиж, нөхцөл байдлын талаар шуурхай мэдээллэхээ мэдэгдсэн юм.
Харин саяхан компанийн зүгээс “ОМ302 нислэгийн талаар 2019 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн Инчеон-Улаанбаатар чиглэлд хөөрөх гэж байсан EI-FGN бүртгэлийн дугаартай В767-300 агаарын хөлөгт тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй гэсэн мэдээллийн дагуу БНСУ-ын Инчеон олон улсын нисэх буудлын аюулгүй байдлын албанаас үзлэг хийхэд ямар нэгэн тэсрэх бөмбөг илрээгүй байна. МИАТ компанийн нисэх бүрэлдэхүүн холбогдох газруудаас нислэгийг үргэлжүүлэх зөвшөөрлөө авсны үндсэн дээр удахгүй хөөрөх болно” гэж мэдэгдлээ.
МИАТ Инчеоноос Улаанбаатарын чиглэлд дөрвөн цаг орчим нислэг үйлддэг.