Парисын уур амьсгалын өөрчлөлтийг багасгах гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд Австрали улс 2050 он хүртэл хугацаанд нэг тэрбум мод тарих зорилт тавьсныг Засгийн газраас мэдэгдлээ.
Австрали улс нь жилд дунджаар 500 сая тонн нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулдаг бөгөөд энэхүү төлөвлөгөөг үе шаттайгаар хэрэгжүүлснээр 2030 он гэхэд 18 сая тонноор багасгана гэж “Bloomberg” онцолсон байна.
Үүний зэрэгцээ ойжуулалтын хүрээнд их хэмжээний ажлын байр бий болж, улсын эдийн засагт 23 тэрбум ам.долларын орлого орж болохыг Ерөнхий сайд Скотт Моррисон хэвлэлийнхэнд хэлжээ. Түүний үзэж байгаагаар, энэхүү төлөвлөгөө нь нүүрстөрөгчийн давхар ислийн өнөөгийн төвшинг 2030 он гэхэд 26-28 хувиар бууруулах боломжтой гэнэ.
Харин мэргэжилтнүүд Австралийн эдийн засагт оруулах нүүрсний ач холбогдол өнөөгийнх шиг өндөр байгаа нөхцөлд биелүүлэхэд ихээхэн хүндрэлтэй байх болно гэж анхааруулж байгаа аж. Австрали улс нь эрчим хүчний хэрэгцээнийхээ 60 гаран хувийг нүүрсээр хангадаг, нүүрсний экспортоос олох орлогоор дэлхийд тэргүүлдэг улс юм.