Өнгөрөгч 2018 онд Индонез улсад зохион байгуулагдсан Азийн зуны спортын наадмын чөлөөт бөхийн төрөлд МУГТ П.Орхон 62 кг-ын жинд эх орноо төлөөлөн оролцож алтан медаль хүртэн ард түмнээ баярлуулсан. Гэвч энэхүү спорт наадмын үеэр чөлөөт бөхийн хоёр тамирчнаас олон улсад хориотой бодис хэрэглэсэн гэх хариу гарсны нэг нь П.Орхон байлаа. Манай бөхөөс гадна Туркменистаны бөх Назаровоос допинг илэрчээ.
Азийн наадам өндөрлөсний дараа П.Орхон сэргээшийн хариуг үгүйсгэж, багш Ц.Хосбаяр нь ийм зүйл байх учиргүй гэж мэдэгдэж байсан юм. Гэвч Дэлхийн бөхийн холбооноос түүнийг “stanozolol” хэмээх хориотой бодис хэрэглэсэн гэж үзэж, барилдах эрхийг дөрвөн жилээр хасах болсноо мэдэгдлээ. Мөн Монголын чөлөөт бөхийн холбоог ч мөнгөн торгуулиар торгох болсон байна.
МУГТ П.Орхон нь Азийн наадамд оролцсон Монголын тамирчдаас допингийн асуудалд холбогдсон анхны тамирчин болж байгаа юм. Тэрээр Азийн наадмаас хойш Дэлхийн аварга зэрэг ямар ч тэмцээнд оролцолгүй өнжжээ.