ШШГЕГ-ын урьдчилан хорих ангид саатуулагдаж байгаад амиа хорлосон гэх шүүгч асан, Монгол улсын гавьяат хуульч Л.Б хэрэг олныг цочроосон. Энэ талаар ШШГЕГ-ын эх сурвалж тайлбар өгчэээ.
ШШГЕГ-аас өгсөн тайлбараар, “сэжигтнийг шүүхийн зөшөөрөлгүй баривчлах тухай” тогтоолоор иргэн Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжиглэн, эрх бүхий байгууллагаас 48 цагийн хугацаатай баривчилж, холбогдох хууль, журмын хүрээнд 2019 оны хоёрдугаар сарын 22-ны өдрөөс Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байжээ.
2019 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 21:40 цагийн орчим иргэн Л.Б нь ганцаараа байрлах хорих өрөөндөө өөрийн хувцасаар хоолойгоо боосон байдалтай амь насаа алдсан байсан. Одоогоор дээрх асуудалд Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас албаны шалгалт явуулж байгаа бөгөөд шалгалтын дүнг үндэслэн буруутай албан хаагчид холбогдох хууль, журмын дагуу хариуцлага тооцох ажээ.
АТГ: Талийгаачийг авлигын хэргийн хамжигчаар сэжиглэн шалгаж байсан
АТГ-аас Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийг шалгах явцад нэр бүхий хүмүүст хээл хахууль өгсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Уг хэрэгт холбогдуулан эхний ээлжинд талийгаачийг сэжигтнээр баривчилж, 48 цагаар саатуулаад байх үед амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. АТГ-аас мэдээлснээр бол талийгаач хээл хахууль өгөх авах гэмт хэрэгт хамтарч ажилласан хэмээн буюу хуулийн нэршлээр хамжигчаар шалгагдаж байсан байна. Талийгаачийг саатуулахдаа АТГ-аас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан байжээ.