Дэлхийн чөлөөт бөхийн шилдэг найман улс оролцдог “Дэлхийн цом”-ын тэмцээн 46 дахь удаагаа хөшгөө нээх гэж байна. Энэ удаагийн “Дэлхийн цом” ОХУ-ын Якутын “Триумф” спортын ордонд гуравдугаар сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулагдах товтой.
Тэмцээнийг зохион байгуулагч ОХУ өөрийн бүрэлдэхүүнээ зарласнаар ийнхүү өрсөлдөгчид бүрэн тодорчээ. Энэ удаагийн шилдэг наймын “А” хэсэгт ОХУ, Япон, Куба, Турк багтсан бол “B” хэсэгт Монгол, Гүрж, АНУ, Ираны багууд багтсан байна.
“Дэлхийн цом”-д Монголын эрчүүд ийнхүү 11 дэх удаагаа оролцож байгаа бөгөөд 1975, 1987 онд мөнгө, 1981 онд хүрэл медаль хүртэж, 1986, 2002 онд дөрөв, 2014 онд тав, 2015, 2016, 2017, 2018 онд зургадугаар байрт шалгарч байжээ. Харин өнгөрсөн онд тавдугаар байрын төлөө Гүржийн багтай барилдаж 6:4-өөр ялагдан зургаадугаар байрт орсон юм.
Энэ жилийн “Дэлхийн цом”-д Монгол улсыг төлөөлж 57 кг-д ОУХМ Т.Түвшинтулга, 61 кг-д ОУХМ Г.Отгонбаатар, 65 кг-д ОУХМ Б.Батмагнай, 70 кг-д Гавьяат тамирчин Г.Мандахнаран, 74 кг-д ОУХМ Б.Бямбадорж, 79 кг-д Гавьяат тамирчин П.Өнөрбат, 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн, 92 кг-д ОУХМ Б.Өлзийсайхан, 97 кг-д ОУХМ Ө.Батзул, ОУХМ Л.Төртогтох, 125 кг-д ОУХМ Д.Хүдэрбулга нар хүч сорино.