Авлигатай тэмцэх газраас 2019 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр Оюутолгойн гэрээтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.
Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог: “Сангийн сайд асан С.Баярцогт нь Оюутолгойн гэрээ байгуулагдахаас өмнө компанийн хувьцааг тодорхой хэмжээний мөнгөн дүнгээр худалдаж авсан байдаг.
Үүний дараа гэрээ байгуулагдан хэрэгжиж, гэрээ хэрэгжсэний дараа хувьцаа тодорхой хэмжээнд үнэд орсон. Энэ үед хувьцаагаа бусдад арилжаалаад өөртөө давуу байдал олж авч их хэмжээний ашиг олсон гэдэг нь хамтарсан шалгалтын хүрээнд тогтоогдсон. Өөрт байгаа давуу байдлаа ашиглаж, өөртөө ашиг олсон гэх үндэслэлээр шалгаж байна” гэлээ.
Ерөнхий сайд асан С.Баярын талаар асуухад “2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр үзэглэсэн Оюутолгойн анх хэрэгжиж эхэлсэн гэрээ, тэрийг дагалдаж батлагдсан гэрээнүүдтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.
Энэ үед ажиллаж байсан хоёр ерөнхий сайд, ажлын хэсэгт орсон нэр бүхий зургаан хүнийг яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Санхүүгийн шалгалт явуулж, шинжилгээний баг шинжээчийн дүгнэлт гаргахаар цаг сунган ажиллаж байна. Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор яллагдагчаар татсан нэр бүхий хүмүүс хил гаалийн хязгаарлалттай учраас одоогоор Монгол Улсаас гарсан хүн байхгүй” гэлээ.
Мөн түүний хэлснээр АТГ-аас энд зөвхөн 2018 оны шийдвэрлэгдсэн хэргүүдийн тайланг ярьж байгаа. Шийдэгдээгүй хэргүүдийг ил гаргах боломжгүй ажээ.
Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням: “Авлигатай тэмцэх газар энэ 2019 онд Төрийн байгууллага, Төрийн албан тушаалтны үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг ил тод болгох талаар анхаарч ажиллах болно. Мөн прокурорын зөвшөөрөл олгож байгаа мэдээлэл нь ил тод байгаа эсэх дээр иргэний хяналтыг сайжруулах болно” хэмээн ярьсан нь хэвлэлийн хуудаснаа хадгалагдан үлджээ.