Өнөөдөр БСШУ-ны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Засгийн газрын 2018 оны арванхоёрдугаар сарын 19-ний боловсролын салбарт ажиллагсдын илүү цагаар ажиллахыг хориглосон, илүү цагийн цалин хөлсийг олгохгүй байх тогтоолыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ. Уг тогтоол батлагдсанаар боловсролын байгууллагад ажиллагсдад олон асуудал тулгарч байна гэв.
Тиймээс Үйлдвэрчний эвлэлийн зүгээс Засгийн газрын уг тогтоолыг яаралтай дахин авч үзэх шаардлагтай гэж үзэж байгаа аж. Тэд Засгийн газар аливаа тогтоол гаргахдаа Үйлдвэрчний эвлэлтэй зөвшилцдөггүйгээс нийгэмд сөрөг шийдвэрийг гаргаж байна гэж мэдэгдсэн юм. Тухайлбал, боловсролын салбарт хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн цалинг нэмэх шийдвэр гаргасан ч цалингийн нэмэгдэл, урамшууллыг нь хасчихсан. Энэ нь ажилчдын гар дээр ирж байгаа мөнгөн дүн нэмэгдээгүй хуучин хэвээрээ байх шийдвэр болсон.
Мөн төрийн албаны тухай хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор тэтгэвэрт гарахдаа авах тэтгэмжийн асуудал, урамшуулалтай холбоотой тогтоол гаргасан гэнэ. Энэхүү тогтоолын улмаас өмнөх урамшууллын хэмжээнд хүрэхгүй, хуулинд нийцэхгүй шийдвэр болсныг онцлов.
Үйлдвэрчний эвлэлээс “хүн хийсэн ажилдаа тохирох цалин авах эрхтэй. Тиймээс уг асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихэд бэлэн байгаа” хэмээн мэдэгдлээ.