МАН-ын сонгуулийн төв штабын гишүүд буюу МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Шадар сайд асан У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Су.Батболд, УИХ-ын гишүүн, Сайд асан Т.Ганди, Гадаад харилцааны дэд сайд асан Г.Тэнгэр нар 2016 оны зургадугаар сарын 20-22-ны өдрүүдэд УИХ-ын 19-р тойрог буюу Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Уянга сумдууд болон аймгийн төв Арвайхээр хотод ажиллаж, нийт 2000 гаруй иргэд сонгогчидтой уулзаж, МАН-ын мөрийн хөтөлбөрийг танилцуулаад Баянхонгор аймгийг зорьжээ.
Иргэд, сонгогчидтой уулзалт хийх үеэр энэ 4 жилд мал, малын гаралтай бүтээгдэхүүний үнэ унаж, жижиг дунд бизнесийн үйл ажиллагаа үндсэндээ зогсонги байдалд орж, өрийн аалзан торд идэгдэж, ажилгүйдэл, ядуурал дээд цэгтээ хүрч, ард түмний амьдрал доройтсныг онцолж байв.
Мөн одоогийн эрх баригчидийн харалган бодлогыг шүүмжилж, төрийн залгамж чанар, ой санамж, сахилга бат алдагдаж, шудрага ёс, хүний эрх боомилогдож байгааг эрс эсэргүүцсэн санал илэрхийлж байлаа. Монгол Улсын дааж давашгүй өрийн талаар сэтгэл зовниж, 1072 хувьцаагаар ард түмний амьдралын ядуу доройг далимдуулан хямд үнээр худалдан авч байгаа тухай бухимдан ярьж байлаа. Сонгогчид ирээдүйгээ 300 мянгахан төгрөгөөр солихгүй, өгснийг нь аваад сонголтоо өөрөөр хийнэ хэмээв.