Өнгөрөгч долоо хоногт “Эрдэнэт үйлдвэр”-ийн Стандарт банкинд төлөх 40 сая ам.долларыг үйлдвэрийн Эрсдлийн сангаас гарган төлснөөр үйлдвэрийн гадаад өр дууслаа хэмээн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн мэдэгдсэн билээ. Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “энэхүү 40 сая ам.долларыг “Жаст”-ын Ш.Батхүү төлсөн цагт энэ хэрэг эцэслэгдэнэ. Богино хугацаанд буюу хаврын чуулган дуусахаас өмнө асуудлыг нэг талд нь гаргаж шийдэх нь зүйтэй гэж бодож байна. Стандарт банкны хэрэг “Жаст”-ын Ш.Батхүү гэдэг хүнээс мөнгөө буцаан авсан цагт мухарлагдана” гэж мэдэгдлээ.
Мөн түүнээс гадна УИХ-ын гишүүн Я.Санжмятав тухайн мөнгийг Ш.Батхүүгийн хөрөнгөнөөс гаргуулан улсыг хохиролгүй болгох ёстой гэж мэдэгдсэн юм. Тэрээр “Ш.Батхүүгээс буцаагаад авч болохоор 190 тэрбум төгрөгийн хөрөнгө байгаа. Эндээс 40 сая ам.долларыг хүүгийн хамт бодоод төлүүлэх боломжтой гэж бодож байна. Хүү тооцохгүй бол эд нар бас л ашиг сонирхлын зөрчилтэй болно. Юун ЖДҮ. Хүү тооцохгүйгээр 40 сая ам.долларыг зүгээр л өгчихөж болохгүй шүү дээ. Энэ мөнгөөр 28 цэцэрлэг барина” гэж мэдэгдлээ.
Эндээс харахад хэн хэнийх нь зөв. Бидний хөрөнгийг бидний мөнгөөр худалдан авч улсаа хуурсан хүнд төр “төмөр нүүр”-ээ харуулах нь зүйтэй. Хэрэв ингэж чадвал дарааагийн нэгэн “Ш.Батхүү” төрөхгүй болно.