Дэлхийн соёлын үнэт өв болсон Парисын Дарь эхийн сүм өчигдөр орой орон нутгийн цагаар 18.50 цагийн үед шатжээ.
Анх 1163 онд суурийг нь тавьж 1345 онд бүрэн барьж дуусгасан энэ алдарт сүм 800 гаруй жилийн түүхтэй. Сүмийг шатах үед сэргээн засах үйл ажиллагаа явагдаж байсан бөгөөд ус шингэсэн дээвэр ачааллаа даалгүй нурсан гэж урьдчилсан байдлаар дүгнэжээ. Сүмээс хүмүүсийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн бөгөөд нэг гал сөнөөгч гал унтраах явцдаа гэмтсэн байна.
Энэхүү галын улмаас Парисын дарь эхийн сүмийн гол орой болон дээвэр шатжээ. Гал сөнөөгчид дотор нь хадгалагдаж байсан түүхийн дурсгалт эд зүйл, урлагийн бүтээлүүдийг хамгаалахаар ажиллаж байна. XII-XIV зуунд Парисын төвд барьж байгуулсан готик хэв маягийн энэ сүмийг жил бүр сая сая жуулчин ирж үздэг юм.
Макрон сүмийг сэргээн засварлахаа мэдэгдлээ
Сүм шатсантай холбогдуулан Францын Ерөнхийлөгч Э.Макрон “Дарь эхийн сүм бол бидний түүх, бидний уран зохиол, бидний сэтгэл зүрхний нэг хэсэг, бидний гайхалтай түүхийн газар, бидний амьдрал байсан юм. Сүм шатсаар байна. Маш олон хүн харамсаж байгааг мэдэж байна.
Гэхдээ би өнөөдөр бас итгэл найдварын талаар яримаар байна. Бид 800 жилийн өмнө энэ сүмийг барьсан ч түүнээс хойш үргэлж сэргээн засварлаж, сайжруулж, өргөжүүлж ирсэн. Тиймээс өнөөдөр би сүмийг хамтдаа сэргээн босгох болно гэдгийг итгэл төгс хэлж байна” хэмээн хэлжээ.