Монгол улсын Арслан цолтонуудад хүндэтгэл үзүүлэх хүчит 256 бөхийн барилдаан Бөхийн өргөөнд боллоо. Энэхүү барилдааны үеэр Улсын харцага Б.Бат-Өлзий давсан бөхийнхөө хөлийг өшиглөж олон хүний дургүйцлийг хүргэсэн үйлдэл хийсэн билээ.
Улсын Харцагын хийсэн энэхүү үйлдлийг Монгол бөх ноён нуруу, ёс жудгаа алдаж байна хэмээн иргэд шүүмжилж байгаатай холбогдуулан Харцага өөрийн цахим хуудсаар дамжуулж ард иргэдээс уучлалт гуйсан байна.
Харцага Б.Бат-Өлзий “Тавдугаар сарын 05-нд болсон Арслан цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдааны дөрвийн даваанд Булган аймгийн арслан Сумъяабаттай таарч барилдааны явцад миний тохой хүрсэн боловч, дахин гуд татсан энэ үйлдэлд миний хувьд бухимдан зохисгүй үйлдэл гаргасандаа Монголынхоо бөх сонирхогч нийт ард түмнээсээ уучлалт гуйж байна” гэж бичжээ.