Олон улсын стандартад нийцсэн авто зам, гудамж талбайн тэмдэг тэмдэглэгээ байршуулах ажлыг эхлүүллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Тээврийн цагдаагийн албанд ажиллаж, замын түгжрэлийг бууруулах, олон улсын чанар стандартад нийцсэн авто замын болон гудамж талбайн тэмдэг тэмдэглэгээ хийж байршуулах, явган хүний гарц, орцыг зөв зохицуулах гэх мэт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой ажлуудыг эхлүүллээ.
Уг уулзалтад нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх, Автозамын хөдөлгөөн зохион байгуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан болон даргын зөвлөлийн гишүүд оролцов.
Уулзалтын эхэнд Тээврийн цагдаагийн албанаас нийслэлийн замын хөдөлгөөний нөхцөл байдал, шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан ажлууд болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хотын Захирагчид танилцуулсан. Энэ үеэр автомашины түгжрэлийг бууруулах, Улаанбаатар хотод нэмж хэд хэдэн байршилд нүхэн гарц байгуулах, мөн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын камерыг шинэчилж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэн зөвхөн Их тойруу орчмын нутаг дэвсгэрийг “тольддог” бус, илүү өргөн хүрээг хамруулдаг болгох зэрэг асуудлаар санал солилцсон юм.
Хотын захирагч С.Амарсайхан энэ үеэр Замын цагдаагийн газрын Техник, замын хяналтын хэлтсийн дарга Ч.Жаргалсайханаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулж, өнөөдрөөс эхлэн авто замын тэмдэг, тэмдэглэгээний ажлыг олон улсын стандартын дагуу чанартай, хурдан шуурхай, хариуцлагатай хийж эхлүүлэхийг чиглэл болголоо. Мөн замын дагуух гэрэлтүүлгүүдийг нэмж, явган хүний гарцуудыг нэг бүрчлэн анивчдаг гэрэлтэй болгох зорилгоор “Гэрэлтэй гарц” төслийг хэрэгжүүлэх, шинээр төмөр зам доогуур нүхэн гарц гаргах, ингэхдээ өндөрлөг газраас тухайн орчны авсан зурагт үндэслэн, ямар газарт нэмж байгуулах шаардлагатай гэдгийг сайн судалж байж ажлаа хэрэгжүүлэхийг даалгав.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс