Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2019.05.09/ зарлиг гарган Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Х.Батсүрэнг томилсон байна. Улсын Дээд шүүхийн шүүгч нарын зөвлөлийн хурлаас /2019.05.07/ Ерөнхий шүүгчээр Х.Батсүрэнг нэр дэвшүүлэх шийдвэр гаргаж Ерөнхийлөгчид хүргүүлээд байсан билээ.
Өчигдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Улсын дээд шүүхийн байранд очиж, дээд шүүхийн шүүгч, ажилтан, албан хаагч нарт Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж танилцуулсан. Үүний дараа Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Х.Сонинбаяр шинээр томилогдсон Ерөнхий шүүгч Х.Батсүрэнд дээд шүүхийн тамгыг гардуулсан байна.
Ерөнхий шүүгч Х.Батсүрэн нь 1965 онд Увс аймгийн Улаангом суманд төрсөн. 54 настай, эрэгтэй.
Боловсрол:
- 1973-1983 онд Хэнтий аймгийн 10 жилийн дунд сургууль
- 1984-1989 онд ЗХУ-ын Дотоод явдлын яамны Академи
- 1997-1999 онд ХБНГУ-д Их сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй.
Ажилласан байдал:
- 1989-1990 онд Хэнтий аймгийн Цагдан сэргийлэх ангид төлөөлөгч
- 1990-1995 онд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст төлөөлөгч
- 2000-2004 онд Шүүхийн ерөнхий зөвлөлд мэргэжилтэн
- 2004-2011 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч
- 2011 оноос тус Шүүхийн Ерөнхий шүүгчээр
- 2012 оноос Улсын дээд шүүхийн шүүгчээр тус тус ажиллаж байгаа. Шүүгчээр 15 жил ажиллаж байгаа юм.
Ц.Зориг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхийлөгчид гаргаж түүнийг нь гуравдугаар сарын 28-нд чөлөөлөх зарлиг гаргасан билээ.
Шүүхийн ерөнхий зөвлөл хуралдаж Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Ганзоригийн нэрийг дэвшүүлсэн ч Ерөнхийлөгч энэхүү саналыг хүлээн авахаас татгалзсан юм.