БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд баригдаж буй “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн ажил дуусах шатандаа ороод байгаа билээ. Цаг агаар хүйтэрсэнтэй холбогдуулан өнгөрөгч 2018 оны 11 дүгээр сарын 2-ноос төслийн ажлыг түр зогсоож, замын хөдөлгөөнийг нээсэн.
Тэгвэл тус гүүрийн авто замын өнгөн хучилтын ажлыг тавдугаар сарын 11-ний өдрөөс эхлүүлэх гэж байгаатай холбогдуулан гүүрний чиглэлүүдийг хуваарийн дагу хэсэгчлэн хаахаар төлөвлөжээ.
Өнгөн хучилтын ажил тавдугаар сарын 23-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд замыг ийнхүү хэсэгчлэн хааснаар авто замын хөдөлгөөнд ачаалал нэмэгдэх хэдий ч ямар нэгэн саад учруулахгүй хэмээн мэдэгдлээ.
Уг төслийн явц одоогоор 90 хувьтай явагдаж байгаа бөгөөд ногоон байгууламж, гэрэлтүүлэг хийх, борооны ус зайлуулах зэрэг шугамын ажлуудыг дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлүүлээд байгаа юм.