Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг хэд хэдэн хэрэгт холбогдуулан цагдан хорьж, шалгаж байгаа билээ. Түүнийг анх ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газраас 14 хоногоор хойшлуулашгүй шалтгаанаар хорьсон бөгөөд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 30 хоногоор үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргасан юм. Гэвч Б.Хурцын хувьд мэдүүлэг өгөхөөс татгалзаж, ТЕГ-ын зөвшөөрөлтэй мэдүүлэг өгнө хэмээн мэдэгдэж байсан билээ.
Харин түүнийг саатуулах хугацааг сунгасны дараа ТЕГ-ын зөвшөөрөлтэйгөөр ШШГЕГ-ын харъяа 461-р ангид саатуулан шалгаж байх үеэр мэдүүлэг өгсөн тухай эх сурвалж мэдээлж байна. Б.Хурцад хоригдсоноос нь хойш 14 хоногийн дараа ТЕГ-аас төрийн нууцад хамаарагдах нууцыг задруулахгүйгээр мэдүүлэг өгч болно гэх зөвшөөрөл олгосон байна. Тиймээс энэ зөвшөөрлийн дагуу төрийн нууцад хамааралгүй асуудлаар мэдүүлэг өгсөн байж магадгүй.
Одоогийн байдлаар түүнийг албан тушаалаа ашиглан бусдыг дарамталсан, С.Зориг агсаны хэргийг шалгахдаа хуулийг урвуулан ашигласан, мөрдөн шалгах ажиллагааг хууль бусаар явуулсан, бусдыг эрүүдэн шүүж ял хүлээлгэсэн зэрэгт холбогдуулан шалгаж байна.