Иргэд энэ удаагийн сонгуулиар хэчнээн хүчтэй, ямар эрх
мэдэлтэй вэ гэдгээ мэдэрлээ. Зарим тойрогт үнэхээр сонголт байсангүй гэж
гомдоллож байгаа ч ихэнх нь хийсэн сонголтондоо сэтгэл хангалуун байна. Энэ
сонгуулийн үр дүн бол эрх баригчдад өгч буй сонгогчдийн үнэлгээ, МАН-д өгч буй
сануулга гэдгийг тодруулмаар байна.
Ардчилсан нам ямартай ч энэ удаагийн сонгуулийг тун
сонирхолтой бас шударга явууллаа. Маргах, мэтгэлцэх, будлиан гаргах ямар
үндэслэлгүйгээр ялагчид тодорсон гэж хэлж ч болно. Уг нь МАН \”хар машин”-д итгэхгүй, гараар
тоолно хэмээн санал хураалт эхлэх үед мэдэгдэж байсан. Хэрвээ сонгуулийн дүн
өөр гарсан бол юу ч болж мэдэх л байлаа. Гэхдээ Ардчилсан нам сонгуулийг
шударга зохион байгуулж чаддаг юм байна гэж нэг ойлголтыг өглөө. Мөн иргэд ч
эрх баригчдад дүн тавьж, олонхоор нь сольж дараагийн олонход хатуухан сануулга
өгч чадаж байгаа нь талархууштай.
Бид сонгуульд оролцож, саналаа өгч чаддаг болжээ. Одоо иргэдийн итгэлийг хүлээсэн, Засгийн эрхийг барьж чадахуйц олонх болсон нам улс орноо хөгжлүүлэх, эдийн засгийн хямралаас салах, ам.долларын ханшийг буулгах, өр зээлээ төлөх, залуусыг ажилтай, орлоготой болгох, тэтгэврийн зээлийг тэглэх, төрийн албанд танил талаа шургуулсан явдлыг цэгцлэх гээд мөрийн хөтөлбөртөө тусгасан олон асуудлаа цаг алдалгүй хийнэ гэдэгт итгэж байна. Иргэд, сонгогчид бид эх орондоо амар амгалан, сэтгэл түвшин, сайхан амьдрахыг хүсч байна. Тийм л сонголт хийлээ.