Өнгөрөгч тавдугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт Нарангийн гол гэх газар олборлолт хийж байсан “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Шарын гол” ХХК-д үйлдвэрийн осол гарч нэг хүн амиа алдсан билээ.
Уг осолд уурхайн хөрсний овоолгыг “Хово 371” ачааны машинтай зөөвөрлөж явсан 29 настай Б гэх залуу өртөж машинтайгаа уурхайн нуур луу унасан юм.
Уг нь энэхүү осол болохоос хоёр сарын өмнө МХЕГ-ын ажлын хэсгээс уурхайд шалгалт хийн яг осол болсон газар хөрсний нуралт үүсэх эрсдэлтэй болохыг мэдэгдэж, Улсын байцаагчийн дүгнэлтээр үйл ажиллагааг нь түр зогсоох шийдвэрийг гаргаад явжээ. Гэвч тус компани улсын байцаагчийн дүгнэлтийг үл тоомсорлон нууцаар үйл ажиллагаагаа явуулсны улмаас уг осол болсон аж.
Хэдийгээр осол болсноос хойш 12 хоног өнгөрч байгаа хэдий ч талийгаачийн цогцсыг одоог болтол олж чадаагүй байна. Нуураас шарилыг гаргаж авахын тулд нуурын усыг шавхаж байгаа бөгөөд одоогоор усны түвшинг 9.5 метрээр бууруулаад байгаа юм.
Ослын газар ажиллаж буй аврах багийнхан осол болсноос гурав хоногийн дараа буюу 26-нд автомашиныг нуурын усны 10-11 метрийн гүнд байгааг тогтоосон бөгөөд аврагчид шумбалт хийн машины байршилд очсон хэдий ч жолоочийг олж чадаагүй байна.
Урьдчилсан байдлаар уг ослын шалтгааныг хөрсний чулуулаг хуулж байсан газарт том хэмжээний хагарал үүссэн байхад ажилласны улмаас энэхүү осол болсон гэж таамаглаж байгаа аж.
Мөн МХЕГ-ын ажилтнууд тус компаний 2019 онд үйл ажиллагаа явуулах Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, ус болон газар ашиглах гэрээ байгуулаагүй зэрэг хууль зөрчсөн олон үйлдлийг нь илрүүлсэн байна. Одоогоор ослын эцсийн дүгнэлт хараахан гараагүй байгаа бөгөөд дүгнэлт гарсны дараа Ашигт малтмал, газрын тосны газраас уурхайн лицензийг цуцлах эсэхийг шийдэхээр болсон бөгөөд компанийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ.