Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Нарангийн гол гэх газар үйл ажиллагаа явуулдаг “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Шарын гол” ХХК-д тавдугаар сарын 23-ны өдөр осол гарч нэг хүний амь эрсэдсэн билээ. Тодруулбал, тус уурхайд хөрсний овоолго зөөж тээвэрлэж явсан Б гэх жолооч “Хово 371” маркын машинтайгаа уурхайн нуур луу унаж осолдсон юм. Энэхүү осол болсон даруй ОБЕГ-ын албан хаагчид тус уурхайд очиж ажилласан бөгөөд 15 хоногийн дараа буюу өчигдөр /2019.06.06/ 17.00 цагийн үед цогцсыг олж, хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ.
Тус уурхайд өнгөрөгч гуравдугаар сард Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ажлын хэсэг шалгалт хийн осол гарсан газарт нурах эрсдэл үүссэн болохыг мэдэгдэж улсын байцаагчийн дүгнэлтээр үйл ажиллагааг нь түр зогсоох шийдвэр гаргажээ. Гэтэл “Пентатерра” ХХК нь байцаагчийн дүгнэлтийг үл тоомсорлон нууцаар үйл ажиллагаа явуулсны улмаас энэхүү осол болсон юм.
Энэ үеэр тус компанил хийгдсэн шалгалтаар 2019 онд үйл ажиллагаа явуулах Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, ус болон газар ашиглах гэрээ байгуулаагүй зэрэг зөрчлүүд нь илэрсэн билээ. Үүнтэй холбогдуулан ослын дүгнэлт гарсны дараа Ашигт малтмал газрын тосны газраас уурхайн лицензийг цуцлах эсэхийг эцэслэн шийднэ.