Бүгд Найрамдах Сингапур Улсын Гадаад хэргийн сайд Вивиан Балакришнаны урилгаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2019 оны 6 дугаар сарын 6-7-нд тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэ нь Монгол, Сингапурын хооронд 1970 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол Улсын Гадаад харилцааны сайдын Сингапур Улсад хэрэгжүүлж буй анхны айлчлал юм.
Айлчлалын эхний өдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Сингапур Улсын Гадаад харилцааны сайд Др. Вивиан Балакришнантай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, худалдаа, эдийн засаг болон бүс нутаг, олон талт хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар харилцан санал солилцоно.
Түүнчлэн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Ази, Ойрхи Дорнод, Австрали зэрэг 26 улсад англи хэлээр нэвтрүүлгээ цацдаг Channel News Asia сувгийн Asia First шууд нэвтрүүлэгт оролцохын зэрэгцээ Сингапур Улсын Ерөнхий сайдын ажлын албаны харъяа Үндэсний Судалгааны санд зочилж, үйл ажиллагаатай нь танилцана.
Айлчлалын хоёр дахь өдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Сингапур Улсын Шадар сайд бөгөөд Сангийн сайд Хенг Сви Киатад бараалхахын зэрэгцээ “Монгол, Сингапурын Бизнесийн яриа хэлэлцээ” арга хэмжээнд оролцох юм. Айлчлалын хүрээнд мөн Монгол Улсаас Зүүн Өмнөд Азийн орнуудад суугаа Элчин сайд нартай зөвлөлдөх уулзалт хийнэ.