Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 18 дугаар зүйлийн 18.2, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.2-т заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон санхүүгийн нэгтгэсэн тайлан болон Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
ДНБ-ий урьдчилсан гүйцэтгэлээр Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт 2018 онд 6.9 хувьд хүрч, төлөвлөсөн зорилтот түвшнээс 2.7 нэгж хувиар өсчээ.
Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн хэмжээг 8.036.2 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс гүйцэтгэлээр 10.172.8 тэрбум төгрөгт хүрч, 2.1 их наяд төгрөг буюу 26.6 хувиар, өмнөх оны мөн үеэс 2.2 их наяд буюу 27.9 хувиар давж биелсэн байна.
Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 9.345.1 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөснөөс 26.2 хувиар буюу 1.940.4 тэрбум төгрөгөөр давж, өмнөх оноос 2.0 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлттэй гарчээ.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөрх нэгтгэсэн санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, цэвэр хөрөнгө/өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээний тайланг Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, олон улсын стандартууд, Сангийн сайдын баталсан бодлого, аргачлал, журмын дагуу материаллаг алдаагүй, үнэн бодитой, шударга илэрхийлсэн байна гэж аудитын тайланд дүгнэсэн байна.