Эрх мэдэл, албан ашиглан гэр бүлийнхэн, хамаатан саднуудаа \”дээш татах” нь ихссэн гэж Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын судалгаагаар баталжээ. Энэ тоо судалгааг тус байгууллагад ирж буй гомдлын мөрөөр гаргажээ. Ялангуяа орон нутгийнхан энэ асуудлаар АТГ-т хандах ихэсчээ. 2016 онд АТГ-т албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 199 гомдол иржээ. Үүний дийлэнх нь орон нутгаас ирсэн байна. АТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Т.Мөнхтунгалагийн мэдээлж буйгаар 199 гомдлын ихэнх нь албан тушаалаа ашиглан гэр бүл, ойр тойрныхондоо давуу байдал үүсгэсэн гэх утгатай байжээ. 199 гомдлын 166-г нь хянан шийдвэрлэсэн бол 21 зөрчлийг арилгуулахаар албан бичиг хүргүүлсэн байна. Харин зөрчил гаргасан 15 албан тушаалтанд хуулийн хүрээнд хариуцлага тооцсон гэв.
124 албан тушаалтны ХОМ-ийг шалгаж байна
2016 онд 39 850 алба хаагч хөрөнгө орлогын мэдүүлэг /ХОМ/ өгөх ёстой байжээ. Харин үүнээс хоёр хүн хугацаа хожимдуулсан, гурав нь мэдүүлгээ гаргаж өгөөгүй байна. Эдгээр зөрчилтэй албан тушаалтанд сануулах, ажлаас халах хүртэлх хариуцлагыг тооцсон гэж мэдээллээ. Харин 269 төрийн өндөр албан тушаалтан ХОМ-ээ бүрэн өгчээ.
Тэгвэл есөн байгууллагын 792 албан тушаалтны 2014, 2015 оны мэдүүлгийн бүрдэлтэд хяналт хийжээ. Ингэхэд 124 албан тушаалтны мэдүүлэг зөрчилтэй гарсан байна. Одоогоор нарийвчлан шалгаж байгаа аж. Мөн урьдчилсан ХОМ-ээ хянуулаагүй томилогдсон 129 зөрчил илэрчээ. Уг зөрчлийг арилгуулж ажилласан хэмээн өнөөдөр мэдээлсэн юм.
Эрүүгийн хэрэгт холбогдогч 40 хувиар өсчээ
Энэ онд эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдсан хүний тоо өмнөх жилээс 40.7 хувиар өссөн мэдээ байна. Тухайлбал, 2016 онд 297 хүн эрүүгийн хэрэгт холбогдон шалгагджээ.
Тэгвэл энэ онд мөрдөн шалгасан, яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн хэрэг ч өсчээ. 2016 онд АТГ-т нийтдээ 489 гомдол ирсний 196 нь гэмт хэргийн шинжтэй байна.
Харин энэ жил гэмт хэргийн улмаас улсад 27 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Гэхдээ үүний 855 сая төгрөгийг нь нөхөн төлүүлсэн байна. Гурван тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хохирол нөхөн төлүүлэхээр битүүмжилсэн гэж мэдээллээ.
Батлан хамгаалах яаманд албан бичиг хүргүүлжээ
Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас сонгон шалгаруулалтгүй, шууд гэрээгээр санхүүжүүлсэн төсөл хөтөлбөр байгаа аж. Одоогоор эдгээр төсөл хөтөлбөрийн эдийн засгийн үр ашиг, хяналт шалгалт хийх шаардлагатай гэж үзэн Мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар материалыг шилжүүлжээ. Мөн энэ зөрчлөө арилгах тухай албан бичгийг Батлан хамгаалах яаманд хүргүүлсэн байна.