Өнөөдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурлаар хар тамхитай холбоотой асуудлыг хаалттай горимоор хэлэлцлээ. Энэхүү хуралдаанд ГХ-ны сайд Д.Цогтбаатар оролцож 1992 онд батлагдсан Үндсэн хуулийг дагаж мөрдөж эхэлснээс өдийг хүртэл хугацаанд Монгол улсын Дипломат төлөөлөгчийн газрууд болон ажилтнуудын нэр холбогдсон хар тамхитай холбоотой хэргүүдийн талаар мэдээлэл өгсөн байна. Хуралдааны дараа тус байнгын хороон дарга Т.Аюурсайхан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Төрийн байгууллага, цагдаагийн байгууллагаас энэ талаар авч буй нууцлалтай арга хэмжээний талаар, шалгаж, тандаж буй мэдээлэл байсан учраас хаалттай хэлэлцсэн.
Дипломат албаны ажилтнууд хэрэг зөрчилд холбогддог асуудал байсаар ирсэн. Бидэнд өгсөн мэдээллээр нэг удаадаа 20-30 мянган еврогийн тамхины наймаанд холбогддог байсан бол одоо хар тамхи зөөдөг наймаанд оролцдог болсон байна. Зөөлтийн нэг удаагийн эргэлт нь 3 сая евро байдаг. Тиймээс төрөөс энэ талаар яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Гадаад орчин дахь Монгол Улсын нэр хүнд эгзэгтэй, ноцтой нөхцөл байдалтай байна. Энэ бол нэг, хоёр удаагийнх биш.
Хуралдаанаар томилгооны талаар ч ярилцаж, тогтоол батлах нь зүйтэй гэж үзсэн. Томилгоо хийж буй болон томилогдож буй этгээдийн хариуцлагыг чангатгах чиглэлээр, хар тамхины хэрэгтэй тэмцэх газруудыг бие даасан байдалтай байлгах эсэх, ГХЯ, Элчин сайдын яамд паспортыг нарийн хянах, автомашинд олгох дугаарын талаар ч анхаарч ажиллах нь зүйтэй гэж үзсэн” гэсэн юм.