Хаврын тариалалтыг Хүнс, Хөдөө аж ахуйн яамнаас технологийн хугацаанд чанар сайтай, шуурхай зохион байгуулах ажлыг улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар хангаж ажиллалаа. Энэ жилийн хувьд, цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хаврын тариалалтын ажлыг 5 дугаар сарын 8-наас эхлүүлж, урьдчилсан байдлаар нийтдээ 490.9 мянган га-д тариалалт хийгээд байгаагаас үр тариа 375.3 мянган га-д, үүнээс улаанбуудай 353.4 мянган га-д, төмс 14.2 мянган га-д, хүнсний ногоо 7.8 мянган га-д, тосны ургамал 63.8 мянган га-д, тэжээлийн ургамал 25.3 мянган га-д, эмийн ургамал 4.2 мянган га-д, жимс, жимсгэнэ 317 га-д тус тус тариаллаа.
Тариалалтын дүнг өнгөрсөн оныхтой харьцуулахад улаанбуудайн тариалалт мөн үеийн түвшинд байгаа бол төмс, хүнсний ногооны тариалалт 1.0-1.5 мянган га-гаар илүү, тосны ургамлын тариалалт 15.0 мянган га-гаар бага тариалагдсан байна.
Тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажлыг мөн ХХААЯ-наас зохион байгуулж 13 аймгийн 353.4 мянган га улаанбуудайн талбайг хамруулснаар нийт тариалсан талбайн 88.5 хувь нь соёололтоор онц, сайн үнэлгээтэй дүн гарлаа. Улаанбуудайн хувьд гол хатгалтаас түрүүлэлтийн үе шатандаа явж байна. Ургацын ерөнхий төлөв сайн байна. Сүүлийн хэд хоногийн нарны халалт нь /олон хоног үргэлжлээгүй учраас/ ургацад сөргөөр нөлөөлсөн гэсэн мэдээ ирээгүй байна.
Энэ жил 335 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэхээр төлөвлөсөн бөгөөд 85 мянган га-д уриншийн нэгдүгээр боловсруулалт хийгдээд байна.