Өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг огцруулахыг шаардан Ардчилсан нам, иргэний нийгмийн байгууллагууд мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс Эрүүл мэндийн салбарт удаа дараа гарсан алдаа нь мэргэжлийн бус хүнээр удирдуулж байгаагаас үүдэлтэй хэмээн тэд тайлбарлалаа.
АН-ын гишүүн М.Зундуйдаваа “Эрүүл мэндийн яаманд хариуцлагагүй байдал үүрлээд байгаа учраас мэргэжлийн бус сайдыг огцруулахыг шаардан иргэд жагсаал тэмцэл хийгээд хоёр сар гаруй хугацаа өнгөрлөө. Гэтэл Эрүүл мэндийн сайд монголчуудаас уучлалт гуйх нь битгий хэл, Монгол Улсад тэмбүү өвчин газар авлаа хэмээн дэлхий даяар зарлан манай эх орны нэр хүндийг гутаан доромжиллоо.
Бидний тэмцэл үр дүнд хүрэхгүй байна. Иймд бид тэмцлийнхээ хэлбэрийг өөрчилж, 72 цагийн дотор Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг огцор, хэрэв энэ хугацаанд огцрохгүй бол энэхүү тэмцлээ улстөрийн суулт болгон тэмцэнэ. Хэрэв улстөрийн суулт болсноос хойш 72 цагийн дотор огцрохгүй бол улстөрийн дараа дараагийн хурц хэлбэр лүү орох болсноо мэдэгдье” хэмээн мэдэгдлээ.