Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэр бүхийн 17 шүүгчийн эрхийг түдгэлзүүлэх зарлигт гарын үсэг зурсан билээ. Тэдгээр шүүгч нарын дунд Улсын Дээд шүүхийн шүүгч нар ч багтаад байгаа юм. Ерөнхийлөгчийн зүгээс уг зарлигийг гаргахдаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналд үндэслэсэн болохоо дурьдсан.
Тэгвэл энэхүү зарлигийн талаар УИХ-ын дарга Г.Занданшатар “Тэдгээр 17 шүүгч авилга авсан, хүний эрхийг ноцтойгоор зөрчиж хэргийг буруу талд шийдвэрлэхээр амлалт авсныг нотлох баримт, бичлэг хангалттай бий.
Шүүгчийг тагнаж, баривчилж болохгүй. Бүх юм хаалттай учраас түдгэлзүүлж шалгахаас өөр аргагүй. Салхитын мөнгөнийн ордын хэргээр л гэхэд найман шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Хууль бус юм хийж байсан иргэдийг хяналтанд авчихсан байхад шүүгч нар тэдэн рүү холбогдож, мөнгө өгч, авснаас дээрх баримт бий болсон. Шүүгчийг мөрдөж хянаагүй байхад нотлох баримт цугласан гэдгийг хэлэх нь зүйтэй” гэсэн тайлбар өглөө.