Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадам өнөөдөр Урианхай сурын харваагаар эхэлж байна.
Жил бүрийн наадмын салхийг хагалдаг уламжлалт урианхай сурын харваанд зөвхөн эрэгтэй харваачид оролцдог бөгөөд урианхайн уламжлалт “хавчаахай” ба эвэр нумаар 350-450гр жинтэй зангидсан суран байг онодог. Сум нь 90-100 см урт, 1.1-1.3 см хөндлөн голчтой, 50-60гр жинтэй байдаг аж.
Эрт цагт Урианхайчууд нь ой тайгаас гарч тал нутагт байлдах болсонд эсрэг талын дайсан дов толгодын хойноос гэнэт харван Урианхайчуудад ихээхэн хохирол амсуулсанд уур омгоо барьж ядан мориныхоо хэрэгслийг бөөрөнхийлөн хүний толгойгоор төсөөлөн өмнө талд нь дов толгодыг дүрслэн саалт хийж харвах болсноор Урианхай сурын харваа үүссэн гэдэг.
Урианхай сурын харвааг томоохон хэмжээний баяр наадмаар харвадаг бөгөөд нум сумыг шүтэн дээдэлж, сурын харвааны эртний хатуу чанд уламжлалт зан заншлыг мөрдөж ирсэн Монголын өв соёл, уламжлал, зан заншлын нэгэн хэсэг юм.