Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зодоглох хүчит бөхчүүдийн бүртгэл өчигдөр/2019.07.10/ дуусчээ. Энэ жилийн Улсын наадамд хүчит 512 бөх барилдахаар бүртгүүлсэнээс Улсын Дархан аварга нэг, аварга тав, арслан найм, гарьд зургаа, заан ес, харцага 16, начин цолтой 40 нийт улсын цолтой 85 бөх байна.
Улсын аварга цолтонуудаас Дархан аварга Г.Өсөхбаяр, аварга Ч.Санжаадамба, Н.Батсуурь, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, О.Балжинням нар барилдана.
Харин Улсын арслан цолтонуудаас Х.Мөнхбаатар, Ц.Содномдорж, Д.Мөнх-Эрдэнэ, Д.Азжаргал, Д.Ганхуяг, Р.Пүрэвдагва, Э.Оюунболд, П.Бүрэнтөгс нарын найман арслан байна.
Улсын гарьдуудаас И.Доржсамбуу, М.Баяржавхлан, Д.Рагчаа, Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ, Ш.Жаргалсайхан нарын зургаан гарьд бүртгүүлжээ.
Мөн энэ удаагийн улсын наадамд аймгийн арслан 11, аймгийн заан 25, аймгийн харцага 37, аймаг, цэргийн начин 80, залуу бөх 152 болон 10 цэрэг барилдахаар бүртгүүлсэн байна.
Улсын наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа 13.00 цагт эхлэхээр товлогджээ.