Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп тэргүүтэй төлөөлөгчидийн онгоц урьд шөнө Чингис хаан нисэх онгоцны буудалд газардлаа.
Энэхүү айлчлал 31-ний лхагва гараг хүртэл үргэлжлэх бөгөөд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатартай уулзаж албан ёсны хэлэлцээ хийн хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцох юм.
Мөн айлчлалын хүрээнд ноён Мустафа Шентоп Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхан, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзахаар төлөвлөжээ.
Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд 1969 оны 6 дугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан гаргасан дурсгалын маркны нээлтийн ажиллагаанд ноён Мустафа Шентоп тэргүүтэй төлөөлөгчид оролцоно. Мөн тэрбээр Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн санхүүжилтээр Монголын Улсын Ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архивт хэрэгжсэн төслийн нээлтийн үйл ажиллагаанд оролцох юм. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлд “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг хэвлэн нийлүүлэх төсөл Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн санхүүжилтээр хэрэгжсэн төслийн нээлтэд оролцоно.
Хоёр улсын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болж буйгаараа ихээхэн онцлогтой болж байгаа юм.