Хөвсгөл аймгийн Мөрөн сум үүсч хөгжсөний 210 жилийн ойг тохиолдуулан Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахмад Х.Мөнхбатад өргөсөн тангарагтаа үнэнч байж олон хүний эрдэнэт амь насыг аварсан хөдөлмөрийг нь үнэлж Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд гурван өрөө байрны батламжийг гардууллаа.
Тэрбээр Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Үйлчилгээний гавьяат ажилтан цол”-оор шагнуулсан, аврагчдын эгнээнээс төрсөн хоёр дахь гавьяат болж юм.
Х.Мөнхбат Онцгой байдлын албанд 11 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд 182 иргэний амь нас, ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 950.0 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.
Мөн тэрээр “НИК Петровис” компанийн шатахуун тээвэрлэгч хоёр автомашин Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр тээвэр хийж яваад нуурын мөс цөмөрч осолдсон дуудлагаар 35-45 градусын хүйтэнд 47 метрийн гүнд гурван хоног нийт 9 удаагийн шумбалт хийж, нэг хүний цогцсыг гаргасан бол хоёр автомашиныг Хөвсгөл нууранд шатахуун асгалгүйгээр татан гаргах ажиллагааг амжилттай гүйцэтгэхэд оролцсон байна.
Цаг агаарын хүндрэлтэй үед, хүчтэй цасан шуурганаар Хатгал тосгоноос есөн км-ийн зайтай Модот булан гэдэг газраас Хатгал тосгоны чиглэлд явж байгаад Хөвсгөл нууранд төөрсөн 13 автомашинтай 45 иргэнийг, мөсөн дээр баримжаагаа алдан төөрч явсан найман иргэний амь насыг аварч үүргээ амжилттай гүйцэтгэсэн аврагч юм.