Дэлхий нийтээр жил бүрийн наймдугаар сарын 1-7-ны өдрүүдийг “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жилийн хувьд тус долоон хоногийг “Эхэд ээлтэй ажлын байрыг дэмжицгээе” гэх уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Монгол улсын хувьд 1992 оноос эхлэн “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих бодлого”-ыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Хүүхдийн эрхийн конвенци, Инносентийн тунхаглал, НҮБ-ын удаа дараагийн чуулганы шийдвэр, Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний олон улсын хуулийн заалтуудыг биелүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг өөрийн оронд нэвтрүүлсээр ирсэн юм.
Хөхөөр хооллохын давуу тал
Эх хүн болгон хүүхдээ хэдий хэр хугацаанд хөхөөр хооллох уу, ер нь хөхөөр хооллох хэрэгтэй юу гэдгээ өөрөө шийднэ. Эхийн сүүний чанарт нас нөлөөлдөг гэж олон хүн үздэг бөгөөд хөхөөр удаан хооллохоор шим тэжээл нь буурдаг гэж үздэг нэгэн ч бий. Үүнээс гадна мэргэжилтнүүд хүүхдээ эхний 6 сар хүртэл нь мөн нэмэлт хоолонд орсноос хойш 12 сарын турш хөхөөр хооллохыг зөвлөж байна.
1. Хүүхдэд үзүүлэх сайн тал
1. Эхийн сүү нь хүүхдэд хамгийн тохирсон тэжээл болно – биед нь амархан боловсорч шингэнэ, дархлааны системийг бүрэн дэмжинэ, нэн шаардлагатай амин дэм, уураг болон өөх тосоор хангана.
2. Хөхөөр хооллоход астма, харшлын төрөл бүрийн өвчин, чихний үрэвсэл болон өөр бусад төрлийн үрэвслийн өвчнүүд, гэдэс ходоодны хямрал, чихрийн шижин, өөхлөлтөөс хамгаална, мөн хүүхдийн гэнэтийн үхлийн хам шинжээс урьдчилан сэргийлнэ.
3. Эхийн сүүгээр хооллож байгаа хүүхэд зөв өсөж хөгждөг – өөрийнхөө насанд тохирсон үзүүлэлтээр жин нэмэгдэж өндрөөрөө өснө.
4. Хөхөөр хооллож байгаа хүүхдийн IQ илүү өндөр байгааг судалгаагаар тогтоожээ.
2. Эхэд үзүүлэх сайн тал
1. Сүүгээр хооллож байх явцад маш их хэмжээний калори шатаана, өөрөөр хэлбэл ээж хэвийн жиндээ илүү хурдан бөгөөд амархан эргэж очих боломжтой.
2. Эмэгтэйчүүдийн өвчлөл болон хөхний хавдар, нөхөн үржихүйн өвчлөл тусах эрсдэл эрс буурна.
3. Хөхөөр хооллож байх явцад ялгарч буй окситоцин даавар нь савыг агшихад нөлөөлдөг, өөрөөр хэлбэл жирэмслэхээс өмнөх хэмжээнд хүртэл савыг агшаадаг байна.