ОХУ-ын Сибирийн ойд гарсан түймрийг унтраахад ихээхэн хүндрэлтэй байгаатай холбогдуулан өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярьж, энэхүү түймрийг унтраахад тусламж үзүүлэх боломжтой болохоо мэдэгдсэн талаар Кремлийн зүгээс мэдэгдлээ.
Д.Трампын энэхүү мэдэгдэлд В.Путин талархал илэрхийлж, түймрийн нөхцөл байдлаас шалтгаалан тусламж авах эсэхээ шийдэхээ хариу мэдэгдсэн байна.
Тус бүс нутагт үүссэн хуурайшилт болон цельсийн 30 хэмээс дээш халалт, хүчтэй салхи шуурга түймэр дэгдэхэд нөлөөлсөн хэмээн ОХУ-ын ойн мэргэжилтнүүд дүгнэсэн байна. Энэхүү гал түймрийн улмаас одоогоор гурван сая га талбай бүхий ой шатаад байгаа бөгөөд Сибирийн таван мужид онц байдал зарлаад байгаа юм.
Түймрийн голомтод 2,700 орчим гал сөнөөгч, 10 нисэх онгоц, 10 нисдэг тэрэг илгээсэн тухай Интерфакс агентлаг мэдээлжээ.
Өчигдөр буюу Лхагва гарагт ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев Красноярск мужид ажиллахдаа түймрийг унтраах талаар Өрнөдийн орнууд, АНУ-тай зөвлөлдөх гэж байгааг мэдэгдсэн байна.