Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Батлан хамгаалахын сайд буюу Пентагоны тэргүүнээр томилогдсон Марк Эспер Монгол улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Тэрээр Пентагоны тэргүүний хувиар хийх анхны гадаад айлчлалаа Ази тивээс эхлүүлж байгаа бөгөөд үүний хүрээнд Австрали, Шинэ Зеланд, Монгол, Өмнөд Солонгос, Япон гэх таван улсад айлчлахаар төлөвлөжээ. Түүний энэхүү айлчлал маргааш /2019.08.02/ албан ёсоор эхлэх юм.
Пентагоны тэргүүний айлчлалын зорилго нь Ази, Номхон далайн бүс нутгийн холбоотон улстай худалдаа, аюулгүй байдлын асуудлаар яриа хэлэлцээ хийх, Хойд Солонгос, Иран зэрэг улсын асуудлуудыг ярилцах гэх мэт өргөн хүрээг хамарч байгаа аж.