Алсын зайн морин маршид наймдугаар сарын 5-нд гараанаас гарсан Монгол, ОХУ-ын баг тамирчид өчигдөр орой барианд орж ирлээ. Баг тамирчдыг “Аравт” уралдааны зохион байгуулах хорооныхон болон иргэд угтан авч, баяр хүргэсэн юм. Монгол, ОХУ, Казахстан, Киргиз улсын баг тамирчдын уралдааны оноог даалгаврын гүйцэтгэл, туулсан хугацаа зэрэг хэд хэдэн зүйлийг хамруулан гаргах юм байна.
Алсын зайн морин марш гурван хоногийн хугацаанд амжилттай явагдсан бол өнөөдрөөс ойрын зайн холимог буухиа эхэлнэ. Ойрын зайн холимог буухиагаар оролцогч орны баг тамирчид явганаар 3,1 км, морьтойгоор 4,1 км замыг туулах бөгөөд энэ явцдаа маршрутын дагуу байрлах цэгүүдэд өгөгдсөн гранат шидэх, саадын зурвас туулах, буудлагын дасгал гүйцэтгэх, тактикийн ажиллагаа, морины давхилт дунд гранат шидэх зэрэг таван даалгавар гүйцэтгэх ёстой. Сугалаа ёсоор өнөөдөр Казахстан, Киргиз улсын баг тамирчид, маргааш буюу энэ сарын 8-ны өдөр Монгол, ОХУ-ын баг тамирчид ур чадвараа сорин өрсөлдөнө.“Аравт” олон улсын морин цэргийн анхдугаар уралдааны хаалтын ёслол энэ сарын 8-ны 16 цагт болно. Хаалтын ажиллагаанд оролцогч орны морьтон цэргүүд болоод үзэгчдэд зориулсан ёслолын олон арга хэмжээ төлөвлөсний нэг нь Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн морин дээрх үзүүлэх тоглолт юм. Торгон цэргүүд морин дээр хөгжим тоглохоос эхлээд өөр олон үзүүлбэр үзүүлэхээр бэлтгэлээ хангаж байгаа ажээ.