Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг байцаахдаа эрүүдэн шүүсэн, хэргийг хүчээр тулгасан хэмээн үзэж Генерал Б.Хурц нарын есөн хүнийг шүүх хурал өчигдөр эхэлсэн билээ. Тус хэргийг шүүх хурал Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр үргэлжилнэ.
Шүүгдэгчидэд Нийслэлийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.