Өнөөдөр олон улсын “Солгой гартнуудын өдөр” тохиож байна. Анх АНУ-ын Топика хотын солгой гартнууд дэлхийн солгой гартнуудын эрх ашгийг хамгаалах зорилгоор 1975 оны наймдугаар сарын 13-нд олон улсын солгой гартны байгууллагыг үүсгэн байгуулсан юм. Үүнийг үндэслэн энэ өдрийг солгой гартнуудын өдөр болгон 1992 оноос хойш тэмдэглэж ирсэн юм.
Статистикийн тоо баримтаас үзвэл дэлхийн 7 хүн тутмын нэг нь солгой гэнэ. Их Британийн олон сургуульд солгой хүүхдүүдийг зөв гараараа бичиж дахин сургахыг эрмэлзсээр байгаа нь сэтгэл зүйн стресст оруулж, улмаар сурагчдын сурлагад муугаар нөлөөлдөг хэмээн Британийн солгой хүмүүсийн клубээс мэдэгдлээ.
Солгой хүмүүс хүчтэй зан чанар, бүтээн туурвих их чадавхтай гэж сэтгэл судлаачид үздэг байна. Тиймээс энэ өдрийн зорилго нь солгой хүмүүс хэрэглэж болохуйц тоног төхөөрөмж үйлдвэрлэхийг хүсэж байгаа явдал аж.
Нэр цуутай солгой хүмүүсийн дотор Марк Твен, Леонардо да Винчи, Микеланжело, Бетховен, Мерилин Монро, Александр Македонский, Наполеон, Уинстон Черчилль тэр ч байтугай АНУ-ын дөрвөн ерөнхийлөгч Рональд Рейган, эцэг Жорж Буш, Билл Клинтон, Барак Обама нар орж байна.