ТЕГ-ын газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц, С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийн ахлагч, Улсын прокурорын орлогч Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийг Төв аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тав дахь өдрөө хэлэлцэж байна.
Тэднийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг байцаах явцдаа эрүүдэн шүүж Гүйцэтгэх ажлын тухай хууль, тогтоомж зөрчсөн үндэслэлээр уг хэрэгт татсан юм.
Өчигдөр уг хэрэгт холбогдуулан ШШГЕГ-т ажиллаж байсан хүнийг гэрчээр дуудаж мэдүүлэг авсан юм. Шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн, нүүрээ нууцалсан этгээдийг шүүх танхимаас гарч ирэхэд нь сэтгүүлчид болон жагсаж байсан иргэд түүнийг бүчин авч тодруулга авахыг хүссэн ч ямар ч хариулт авч чадалгүй үлдсэн.
Шүүх хуралдаан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу үргэлжилж, гэрчүүдийн мэдүүлгийг сонссоны дараа бичгийн болон бусад нотлох баримтыг шинжлэн судалсан байна. Шинжилж буй нотлох баримт дунд УИХ-ын гишүүдэд үзүүлсэн, Төв аймаг дахь Цагдан хорих байранд хохирогч нарыг бусад ялтнаар дарамтлуулан, зодуулж буй бичлэг ч байгаа гэх мэдээлэл байна.
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын ажилтны хэлснээр, уг хэрэг нь олон холбогдогчтой, олон хавтаст, ээдрээ төвөгтэй учир хэдхэн хоногт багтааж шийдвэрлэх боломжгүй. Тиймээс баасан гаргийн ажлын цагт багтаан шийдвэрээ гаргаж амжихгүй ч байж магадгүй. Эсвэл хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах, эсэхийг шүүх бүрэлдэхүүн тогтоол гаргаж шийдэх учиртай байхад олон нийтийн сүлжээгээр тийм утгатай мэдээлэл цацаж буй нь зохисгүй” гэсэн юм.