Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр НҮБ-ын Ази, номхон далайн нийгэм, эдийн засгийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Арманда Алисжабанаг хүлээн авч уулзлаа. Дэд сайд Ц.Батбаяр хоёр талын байгаль орчны салбарт хамтран ажиллаж буй хамтын ажиллагааг өндрөөр үнэлээд 2017-2018 онд хэрэгжсэн “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн төлөв” хамтарсан төслийн үр дүнг онцлон тэмдэглэв.
Мөн өнгөрсөн тавдугаар сард тус комиссын 75 дугаар чуулганаар батлагдсан Ази, номхон далайн агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай тогтоолын хэрэгжилтийг дэмжин ажиллахаа илэрхийллээ. Хатагтай Арманда Алисжабана мөн хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд хоёр тал Зүүн, зүүн хойд Азийн байгаль орчны хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд идэвхтэй хамтран ажилладгийг онцолсон юм.
Түүнчлэн тэрээр ирэх аравдугаар сард тус хөтөлбөрийн ээлжит хурлыг хүлээн авч зохион байгуулах болсонд баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн бүс нутгийн хэмжээнд эрчим хүчний сүлжээ байгуулах асуудлыг тус байгууллага судалж байгаа талаар танилцуулан сэргээгдэх эрчим хүчийг хөхиүлэн дэмжих нь агаар болон орчны бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах талаар танилцуулав. Хоёр тал цаашид байгаль орчны салбарын боловсон хүчний асуудлаар хамтран ажиллах боломжийг судлах, агаар болон орчны бохирдлын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцлаа.