Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн /2019.08.21/ хуралдаан сайжруулсан шахмал түлшний 40 дундын агуулахууд болон борлуулалтын цэгүүдэд хийсэн хяналт шалгалт болон нийслэл хотод зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудад хийсэн шалгалтын талаарх мэдээлэлүүдээр үргэлжиллээ.
Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал хэлэхдээ “Туршилтын тээвэрлэлт хийж байхад хэд хэдэн яаралтай шийдвэрлэх асуудал байгаа нь ажиглагдсан. Диспетчерийн алба ажиллуулж сайжруулсан түлшний захиалга авахаас авахуулаад үйлдвэрийн бүсэд нэмж байгуулах ажлууд ажиглагдлаа. Мөн туслан гүйцэтгэгчийн мэдээллийн сан, дата бааз бүртгэл бий болгох зэрэг ажлуудыг нэмж хийх шаардлагатай байна” гэлээ. Одоогийн байдлаар 240 борлуулагчидтай гэрээ байгуулж Амгалан, Дөлгөөн нуурын баазуудад 20000 орчим тонн түлш нөөцөлсөн байна. Түүнчлэн хэрэглэгчид сайжруулсан шахмал түлшийг худалдан авахдаа “Сайн” нэртэй смарт карт ашиглах бөгөөд энэ сарын 26-30-ны хооронд бүрэн хэвлэгдэж дуусах талаар зөвлөлийн гишүүдэд мэдээлэл хийлээ.
Хотын захирагч С.Амарсайхан “Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд есдүгээр сарын 1-нээс өмнө ашиглалтад байгаа дундын 40 агуулах, 504 цэг шаардлагатай түлшийг нөөцөлж бүрдүүлсэн байх ёстой. Тиймээс шаардлагатай асуудлуудад яаралтай арга хэмжээ авч, зохих журмын дагуу хэрэгжүүлэхийг” холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Дараагаар нь Улаанбаатар хотод зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудад хийсэн хяналт шалгалт хийж зохих журмын дагуу арга хэмжээ авч ажилласан талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун мэдээлэл хийлээ. Шалгалтад нийт 374 аж ахуй нэгж, иргэний 569 блок барилгыг хамруулснаас барилгын угсралтын ажлын зөвшөөрөл аваагүй, архитектур төлөвлөлтийн даалгавар биелүүлээгүй гэх мэт зөрчлүүд цөөнгүй илэрсэн байна. Хотын захирагч С.Амарсайхан “Төрийн хүнд сурталаас иргэн аж ахуй нэгжүүд залхаж, эцэс сүүлдээ шат дараалсан зөвшөөрлүүдээ авалгүй барилга байгууламж барьж эхлүүлэх ихсэж байна. Тиймээс нийслэлийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хот байгуулалт хөгжлийн газрын удирдлагууд ажлын уялдаа холбоогоо нэгтгэж ажилла, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж иргэнд зохих хариуцлагыг хүлээлгэж ажилла. Төрийн хүнд суртлаа больж иргэд аж ахуй нэгжүүдэд хүндрэл учруулахгүй ажилла” гэлээ.