Нийгмийн даатгалын байгууллага “Явуулын үйлчилгээ”-г хэрэгжүүлж эхлээд хагас жил шахам болж байна. Төрийн үйлчилгээ гэхээр хүнд суртал, урт дараалал төсөөлдөг иргэдийн хувьд өөрийнх нь ажил, гэрт хүрч үйлчилнэ гэхээр ихээхэн олзуурхаж байгаа юм.
Тус үйлчилгээг гурван үе шаттайгаар явуулж байгаа бөгөөд эхний ээлжинд Нийслэлийн төвийн зургаан дүүргийн томоохон зах, худалдааны төвүүд дээр очиж үйлчилгээ үзүүлжээ. Нийт 25 удаа зохион байгуулсан тус ажлын үр дүнд 4353 иргэнд нийгмийн даатгалын зөвлөгөө мэдээлэл, үйлчилгээ үзүүлсэн байна Эдгээрээс эрүүл мэндийн даатгалд 354, сайн дурын даатгалд 207 иргэнийг шинээр хамруулж, шимтгэлээ төлж амжаагүй 247 даатгуулагч шимтгэлээ төлж, дэвтрээ баталгаажуулсан байна. Мөн нийгмийн даатгалын орлого зарлагаа хянаж, хуулийн мэдээлэл авах боломж бүхий “Нийгмийн даатгал” аппликэйшнийг 508 иргэний гар утсанд шинээр суулгаж өгчээ.
Зуны амралт, аяллын үеэр иргэдийн байрладаг хотхон хороолол, зуслангийн бүсүүдэд явуулын үйлчилгээг хүргэж эхэлсэн бөгөөд нийтдээ 6 бүсэд зохион байгуулж, 475 даатгуулагчид үйлчилжээ. Хороолол, зуслангийн бүсэд зохион байгуулахдаа иргэдийн оролцоог хангах зорилгоор амралтын өдрүүдэд үйлчилгээ үзүүлснээрээ онцлогтой.
Харин дараагийн удаад явуулын үйлчилгээг их дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулиудад суралцагчдад үзүүлэхээр төлөвлөсөн байна. Ирээдүйн даатгуулагч болох оюутан суралцагчдад нийгмийн даатгалын ач холбогдлыг тайлбарлаж өгөх нь хариуцлагатай даатгуулагчийн тоог нэмэгдүүлнэ гэж тэд үзэж байгаа аж.