Бразил улсын нутаг дэвсгэрт орших Амазоны ширэнгэн ойд энэ жил хамгийн олон түймэр гарсан тухай тус улсын Сансар судлалын агентлаг мэдээллээ. Энэ онд тус ширэнгэнд 72 мянган түймэр гарсан нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 83 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.
Бразилд жил бүрийн хуурай уур амьсгалтай үед ойн түймэр байнга гардаг юм. Гэхдээ түймрийн тоо ийнхүү огцом нэмэгдсэн шалтгааныг ард иргэд хууль бусаар ой мод тайрах ажиллагаатай холбон үзэж байна. Байгаль хамгаалагчид хүрээлэн буй орчны бодлогодоо анхаарал хандуулахгүй байгаа Бразилийн ерөнхийлөгч Жаир Болсонаруг буруутгалаа. Түүнийг ой мод сүйтгэж буй мод бэлтгэгч, тариаланчдыг дэмжин ажиллаж байгаа гэж үзжээ.
Амазоны ширэнгэн ойн 60 орчим хувь нь Бразилийн нутаг дэвсгэрт хамаардаг бөгөөд одоогоор Бразилийн хойд хэсгийн хотуудыг битүү хар утаа бүрхээд байна.